Мал тооллого 2010 онд юу болов?
Жил бүр явагддаг мал тооллогын урьдчилсан дүн гарлаа. Өнгөрсөн жилийн өвөлжилтийн хүндрэлээс болж 9.8 сая мал хорогдсон. Үүнтэй холбоотойгоор мал тооллогын дүн буурсан гарах байх гэсэн таамаглалтай байсан. 2010 оны мал тооллогын ажил хэрхэн явагдсан, малын тоо болон аймгуудын тооллогын талаар эдийн засгийн статистикийн хэлтсийн шинжээч Б.Анхзаяагаас тодруулллаа.
-Мал тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд хичнээн мал тоологдсон бэ?
-Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2010 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 31828.9 мянган толгойд хүрч, 2009 оныхоос 12195.1 мянга буюу 27.7 хувиар буурлаа. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой 1860.6 мянга, үхэр 2123.7 мянга, тэмээ 265.3 мянга, хонь 14050.8 мянга, ямаа 13528.5 мянгад хүрч, 2009 оныхоос адуу 360.7 мянга, үхэр 475.7 мянга, тэмээ 11.7 мянга, хонь 5224.0 мянга, ямаа 6123.0 мянган толгойгоор тус тус буурсан дүн гарсан.
-Аймгуудад малын өсөлт бууралт ямар байгаа мөн ямар шалтаанаар мал буурсан гэсэн дүн гарсан бэ?
-Аймгуудаар авч үзвэл малын нийт тоо өмнөх оныхоос Сүхбаатар аймагт 5 төрөл дээрээ өсч, харин бусад аймаг, нийслэлд буурчээ. Дундговь, Завхан, Өвөрхангай аймгуудад малын тоо 1.1-1.7 сая толгойгоор буурсан нь хамгийн өндөр бууралттай байна. Улсын хэмжээнд малын нийт тоо 2009 оныхоос 35 сум, 1 дүүрэгт өсч, 294 сум, 8 дүүрэгт тус тус буурчээ. Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 аймагт Хөвсгөл,Төв,Архангай, Булган, Хэнтий аймгууд орж байна.
-Бүтцийнх нь хувьд ямар ихээр өөрчлөгдсөн байна бэ?
-Нийт мал сүргийн дотор адууны тоо 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд адууны тоогоор Төв, Архангай, Булган, Хөвсгөл , Сүхбаатар аймгууд адуу нэмэгдсэн байна. Үхрийн тоо гурван аймагт өсч, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий аймгууд. Тэмээний тоо долоон аймагт өсч, 14 аймагт буурсан байгаа юм. Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна. Хонины тоо 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан байна. Ямааны тоо 1 аймагт өсч, 20 аймаг, Улаанбаатар хотод буурсан дүн гарсан.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2009 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 43 657.1 мянган толгойд хүрч, 2008 оныхоос 368.6 мянга буюу 0.9 хувиар өссөн байна.
Урьдчилсан дүнгээр тэмээн сүргийн тоо толгой 275.1 мянга, адуу 2206.7 мянга, үхэр 2579.6 мянга, хонь 19125.2 мянга, ямаа 19470.5 мянгад хүрч, 2008 оныхоос тэмээ 8.6 мянга, адуу 19.8 мянга, үхэр 76.2 мянга, хонь 762.9 мянган толгойгоор нэмэгдэж, ямаа 498.9 мянгаар буурчээ. 2002 оноос хойш анх удаа ямааны тоо өмнөх оныхоосоо буурсан нь энэ. Ихэнх нутгаар зуншлага тааруу болж, өвөлжилт хүндэрснээс мал нядалгаа ихэсч, мал, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ ханш өмнөх оныхоос буурсан зэргээс 2009 онд олон толгой мал зах зээлд борлуулахад хүрсэн юм. Махны үйлдвэрлэлт, нөөцийн болон экспортын мах бэлтгэлд хамруулсан малын тоо толгой 2008 оныхоос 60 гаруй хувиар нэмэгджээ. Эдгээрээс шалтгаалан, нийт малын тоо 2008 оныхоос төдийлөн өсөөгүй байна.
Аймгуудаар авч үзвэл малын нийт тоо 11 аймагт өсч, 10 аймаг, Улаанбаатарт буурлаа. Тухайлбал, Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт малын нийт тоо 61.9-461.2 мянган толгойгоор өсч, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг, Улаанбаатар хотод 2.1-375.3 мянган толгойгоор буурчээ. Улсын хэмжээнд малын нийт тоо 2008 оныхоос 141 сум, таван дүүрэгт; тэмээний тоо 122 сум, хоёр дүүрэгт; адууны тоо 159 сум, гурван дүүрэгт; үхрийн тоо 128 сум, таван дүүрэгт; хонины тоо 115 сум, дөрвөн дүүрэгт; ямааны тоо 170 сум, гурван дүүрэгт буурсан байна.
Нийт мал сүргийн дотор тэмээ 0.6 хувь, адуу 5.1, үхэр 5.9, хонь 43.8 хувь, ямаа 44.6 хувийг эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 1.5 пунктээр буурч, үхэр, хониных 0.1-1.4 пунктээр өссөн бол тэмээ, адууны эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна. Архангай, Булган, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймаг малаа таван төрлөөр нь өсгөжээ. Хамгийн олон малыг Хөвсгөл аймаг 3922.7 мянга, Архангай 3619.1 мянга, Өвөрхангай 3587.1 мянга, Төв аймаг 3464.2 мянга, Завхан аймаг 2823.5 мянган мал тоолуулсан байна.
Малын тооны өсөлтийг төрөл бүрээр нь авч үзвэл, тэмээний тоо 12 аймаг, Улаанбаатарт өсч, есөн аймагт буурав. Өмнөговь аймаг хамгийн олон буюу 85.5 мянган тэмээ тоолуулсан байна. Адууны тоо 10 аймаг, Улаанбаатар хотод өсч, 11 аймагт буурч, адууны тоогоор Архангай, Төв, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймаг эхний таван байрт оржээ. Үхрийн тоо 14 аймагт өсч, долоон аймаг, Улаанбаатар хотод буурч, үхрийн тоогоор Архангай, Хөвсгөл, Төв, Булган, Хэнтий аймаг эхний таван байрт орсон аж. Хонины тоо 15 аймаг, Улаанбаатарт өсч, зургаан аймагт буурлаа. Хонины тоогоор Архангай, Хөвсгөл, Төв, Өвөрхангай, Завхан аймаг эхний таван байрт орсон байна. Ямааны тоо 10 аймагт өсч, 11 аймаг, Улаанбаатар хотод буурлаа. Ямааны тоогоор Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймаг эхний таван байрт оржээ.
Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.