Ардчилсан хувьсгал
1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. Нийслэлд болсон энэ цуглаанаас сар гаруйн өмнө Ховдын Багшийн Дээд Сургуулийн хэсэг багш оюутан цуглаан хийж Ховд аймгийн МАХН-ын Хороо, Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд өргөх бичиг барьсан байдаг.
1990 оны хоёрдугаар сарын 11-нд Ялалтын талбайд олон арван мянган хүн оролцсон дараагийн цуглаан болов. Энэ цуглаанаас хойш улс төрийн шинэчлэл хийх зорилготой холбоо, хөдөлгөөн шил шилээ даран байгуулагдлаа. Орон нутаг, үйлдвэр байгууллагуудад холбоо, хөдөлгөөний салбарууд бараг зэрэгцэн байгуулагдлаа.
1990 оны хоёрдугаар сарын 18–нд МоАХ-ны анхдугаар Их Хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд хуралдаж, хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочин төлөөлөгч оролцжээ. Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгожээ.
Энэ хурлаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм. Хурлын үеэр ардчиллын анхны чөлөөт сонин болох Шинэ тольхэвлэгдэн гарсан түүхтэй. Тун удалгүй Монголын Ардчилсан Нам байгуулагдаж анхны даргаар нь Эрдэнийн Бат-Үүлийг сонгосноо албан ёсоор зарлав.
1990 оны гуравдугаар сарын 4-нд олон арван мянган хүн оролцсон цуглаан зохион байгуулж, 1990 гуравдугаар сарын 7-ноос Монголын түүхэнд анх удаа улс төрийн өлсгөлөн зарласан бөгөөд 1990 оны гуравдугаар сарын 29-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдхүүнээрээ огцорсноор өлсгөлөн зогссон. Улмаар 1960 онд баталсанҮндсэн Хуулийн оршил хэсгээс БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн гэсэн заалтыг хасч, олон намын тогтолцоог хуульчилсан явдал МоАХ тэргүүтэй ардчилсан хүчний хамгийн том ялалт болсон юм. Жагсаал цуглаан ойр ойрхон болж, олон нам тэгш эрхтэй оролцсон ардчилсан сонгууль явуулах, Улсын Бага Хурал байгуулах шаардлага тавьсан нь биеллээ олж, 1990 оны зургадугаар сард олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль болов.